ТОГТВОРТОЙ БЭЛЧЭЭРИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨХ НҮҮДЭЛЧДИЙН УЛААН ШУГАМ САНААЧИЛГА
- WAMA
- 18 hours ago
- 5 min read

Энэхүү баримт бичгийг Говийн бүс нутагт хэрэгжиж буй уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон хөгжлийн төслүүдийн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчид, тэдгээрийн эрх, амьжиргаа, байгаль орчны хамгааллын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд хамтран боловсруулж, COP17-ын үйл явцад хувь нэмэр оруулах, тогтвортой бэлчээрийн засаглалын олон улсын сайн туршлагыг дэмжих зорилгоор дэвшүүлж байна.
Бидний байр суурь ба үндэслэл
Бид, Монголын нүүдлийн малчид, уламжлалт нүүдлийн соёлын өвийг тээгчид, үндэсний хүнсний аюулгүй байдал, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн тогтвортой хангамжид үнэтэй хувь нэмэр оруулагчид төдийгүй, бэлчээрийн экосистем, усны эх үүсвэр, байгаль орчныг хамгаалан хадгалж ирсэн газрын өвлөн хамгаалагчид билээ.
Нүүдлийн мал аж ахуй нь хуурай бүс нутгийн экосистемтэй зохицон хөгжсөн амьдралын тогтолцоо бөгөөд уламжлалт мэдлэг, улирлын нүүдлийн зохицол, байгалийн нөөцийн зохистой ашиглалтаар дамжуулан газрын тогтвортой менежмент, экосистемийн тэсвэрлэх чадавхыг хадгалахад чухал хувь нэмэр оруулж ирсэн болно.
Бид Монгол Улсын Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомж, олон улсын хүний эрх болон байгаль орчны хамгааллын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын хүрээнд нүүдэлчид, малчид, орон нутгийн иргэдийн бэлчээр, ус, уламжлалт амьжиргаа, соёлын өвийг хамгаалах, шийдвэр гаргах үйл явц дахь үр нөлөөтэй оролцоог хангах зорилгоор энэхүү баримт бичгийг боловсруулав.
Энэхүү санаачилга нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD), Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (UNFCCC), Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD)-ын зорилго, зарчимд нийцүүлэн газрын доройтлыг саармагжуулах, экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжих үйл хэрэгт нутгийн иргэдийн мэдлэг, оролцоо, түншлэлийн ач холбогдлыг бататгахыг зорьж байна.
Бид Риогийн гурван конвенцын хэрэгжилтэд нүүдэлчид, малчид, орон нутгийн иргэд болон уугуул ард иргэдийн оролцоо, уламжлалт мэдлэг, газрын засаглалын туршлагыг хүндэтгэн тусгах нь хуурай бүс нутгийн тогтвортой хөгжлийн үндсэн нөхцөл гэж үзэж байна.
Энэхүү баримт бичгийг Говийн бүс нутагт хэрэгжиж буй уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон хөгжлийн төслүүдийн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчид, тэдгээрийн эрх, амьжиргаа, байгаль орчны хамгааллын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд хамтран боловсруулж, COP17-ын үйл явцад хувь нэмэр оруулах, тогтвортой бэлчээрийн засаглалын олон улсын сайн туршлагыг дэмжих зорилгоор дэвшүүлж байна.
Бид дараах зарчмуудыг тунхаглан Талуудыг дэмжихийг уриалж байна
“Тогтвортой бэлчээрийн эрхийн төлөөх Нүүдэлчдийн УЛААН ШУГАМ санаачилга” нь газрын доройтлыг саармагжуулах, экосистемийн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хуурай бүсийн бэлчээрийн экосистем, уламжлалт улирлын нүүдэл, мал аж ахуйд түшиглэсэн амьжиргаа болон орон нутагт суурилсан газрын засаглалыг хамгаалах бодлогын цогц хүрээ юм.
“Тогтвортой бэлчээрийн эрхийн төлөөх Нүүдэлчдийн УЛААН ШУГАМ" нь хуурай бүсийн орнуудад бэлчээрийн экосистемийг хамгаалах, мал аж ахуйд түшиглэсэн амьжиргааг дэмжих, уламжлалт улирлын нүүдэл, шилжилт хөдөлгөөний эрхийг хадгалан хамгаалах бодлогын хүрээ бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын зорилго, зарчимтай бүрэн нийцсэн санаачилга юм. Нүүдэлчид гэлтгүй малчид, орон нутгийн иргэд, уугуул ард иргэдийн эрхийн хамгаалал юм.
Мөн, Риогийн гурван конвенц (UNCCD, UNFCCC, CBD)-ийн уламжлалт газар эзэмших, ашиглах эрх бас мэдлэг, газрын засаглал, байгаль орчны шударга ёс, шударга шилжилт, урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр чөлөөтэй, сайн дурын зөвшөөрлийг хэрэгжүүлэх зорилтуудыг дэмжих ач холбогдолтой юм.
“ХАЛДАШГҮЙ ЭРХ – УЛААН ШУГАМ” нь:
Нүүдлийн мал аж ахуйн оршин тогтнох үндэс
Бэлчээр, усны нөөц, экосистемийн хамгаалалт
Малчдын амьжиргаа, соёл, уламжлалт эрхийн баталгаа
Соёлын өв, хүнсний үндэсний аюулгүй байдлын хамгаалалт юм.
Энэхүү тунхаглал нь өрсөлдөөнтэй газар ашиглалт, томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн төсөл, дэд бүтцийн өргөтгөл, газар ашиглалтын өөрчлөлт, олборлох үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагааны нөлөөллөөс бэлчээрийн экосистем, нүүдлийн мал аж ахуй, малчдын тогтвортой амьжиргаа, уламжлалт соёл, бэлчээр ашиглалтын эрх, улирлын нүүдлийн тогтолцоог хамгаалах суурь бодлогын хүрээг тодорхойлно.
Энэхүү бодлогын хүрээ нь тогтвортой газрын засаглал, иргэдийн оролцоо, экосистемийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үл зөрчих үндсэн зарчимд тулгуурлах бөгөөд дараах үндсэн зарчмуудыг төрийн бодлого, хууль тогтоомж, төлөвлөлт, шийдвэр гаргалт болон хэрэгжилтийн бүх түвшинд мөрдлөг болгон хэрэгжүүлнэ.
COP17-ын Талуудын бага хурлаас бэлчээрийн экосистемийг хуурай бүсийн экологийн тогтвортой байдал, биологийн олон янз байдал, хүнсний аюулгүй байдал, нүүрстөрөгчийн хуримтлал болон газрын доройтлыг саармагжуулах зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой экосистем болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахыг уриалж байна. Мөн нүүдлийн мал аж ахуйн тогтолцоо, уламжлалт улирлын нүүдэл, нутгийн иргэдийн мэдлэг, туршлагыг тогтвортой газрын менежмент, бэлчээрийн засаглалын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг бодлогын түвшинд хүлээн зөвшөөрч, тахилгат уул, овоо, усны эх үүсвэр, булаг шанд, худаг, өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, улирлын нүүдлийн зам, үндсэн болон нөөц бэлчээр зэрэг экологийн болон соёлын өндөр үнэ цэнтэй газар нутгийг газрын тогтвортой засаглал, хамгаалалтын бодлого, газар ашиглалтын төлөвлөлтийн хүрээнд хамгаалах, хадгалан үлдэх арга хэмжээг дэмжсэн шийдвэр гаргахыг уриалж байна.
Талуудыг нүүдэлчид, малчид, орон нутгийн иргэд, уугуул ард иргэдийн уламжлалт улирлын нүүдлийн зам, усны эх үүсвэр, бэлчээрийн экосистем болон экологийн уялдаа холбоо, залгамж чанарыг хамгаалах, хадгалан үлдэх арга хэмжээг үндэсний бодлого, хууль тогтоомж, газар ашиглалтын төлөвлөлтөд тусгаж, өрсөлдөөнтэй газар ашиглалт, томоохон хөгжлийн төсөл, дэд бүтцийн өргөтгөл, олборлох үйлдвэрлэл болон газар ашиглалтын өөрчлөлтийн улмаас үүсэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна.
Талуудыг урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр чөлөөтэй, сайн дурын зөвшөөрөл авах (Free, Prior and Informed Consent – FPIC) зарчим, үр нөлөөтэй оролцоог үндэсний бодлого, хууль тогтоомж, газрын засаглалын тогтолцоонд үе шаттайгаар тусган хэрэгжүүлэхийг уриална. Ялангуяа бэлчээрийн газар ашиглалтын зориулалтыг өөрчлөх, олборлох үйлдвэрлэл болон бусад томоохон хөгжлийн төсөл, зам, эрчим хүч болон бусад дэд бүтцийн төлөвлөлт, тусгай зөвшөөрөл олголт, хэрэгжилттэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөлд өртөх нүүдэлчид, малчид, орон нутгийн иргэд, уугуул ард иргэдийн үр нөлөөтэй оролцоог хангаж, тэдний санал, уламжлалт мэдлэг, хууль ёсны ашиг сонирхлыг зохих ёсоор харгалзан үзэх институцийн болон эрх зүйн механизмыг бүрдүүлэхийг уриалж байна. Цаашид нөлөөлөл ихтэй газар ашиглалтын өөрчлөлт, томоохон хөгжлийн төсөл, олборлох үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалтын шийдвэр гаргах үйл явцад FPIC зарчмыг хэрэгжүүлэх боломжийг үндэсний хууль тогтоомж, институцийн тогтолцоонд нийцүүлэн бэхжүүлэхийг Талуудад уриалж байна.
Талуудыг газрын доройтлыг саармагжуулах зорилтыг хэрэгжүүлэх, доройтсон газар нутгийг нөхөн сэргээх, байгальд түшиглэсэн шийдлүүдийг дэмжихийн зэрэгцээ газар ашиглалтын өөрчлөлт, хөгжлийн төслүүдийн улмаас нүүдэлчид, малчид, орон нутгийн иргэд, уугуул ард иргэдийн амьжиргаа, уламжлалт газар ашиглах тогтолцоонд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, шударга шилжилт, нийгэм–байгаль орчны шударга ёсны зарчмыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна.
Талуудыг газрын доройтлыг саармагжуулах (Land Degradation Neutrality – LDN), экосистемийн нөхөн сэргээлт, тогтвортой бэлчээрийн менежментийг дэмжих зорилгоор Дэлхийн байгаль орчны сан (GEF), Ногоон уур амьсгалын сан (GCF), Газрын доройтлыг саармагжуулах сан (LDN Fund) болон бусад олон улсын, бүс нутгийн санхүүжилтийн механизмын хүрээнд орон нутагт түшиглэсэн, иргэдийн оролцоотой нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд чиглэсэн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг дэмжихийг уриалж байна.Мөн нүүдэлчид, малчид, орон нутгийн иргэд, уугуул ард иргэдийн оролцоонд тулгуурласан бэлчээрийн тогтвортой менежмент, экосистемийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг санхүүжүүлэх уян хатан, хүртээмжтэй механизм хөгжүүлэхийг Талуудад уриалж байна.
Талуудыг газрын доройтол, экосистемийн өөрчлөлт, нөхөн сэргээлтийн үр дүнг үнэлэхэд UNCCD-ийн тайлагналын тогтолцоо (PRAIS), Шинжлэх ухаан–бодлогын уялдааны механизм (Science–Policy Interface – SPI), зайнаас тандан судлалын технологи, шинжлэх ухааны мэдээллийн систем болон орон нутгийн иргэдийн уламжлалт мэдлэг, туршлагыг уялдуулан ашиглахыг дэмжих. Мөн бэлчээрийн төлөв байдал, газрын доройтлын өөрчлөлт, экосистемийн тэсвэрлэх чадавх, нөхөн сэргээлтийн үр нөлөөг үнэлэхэд шинжлэх ухааны нотолгоо болон нутгийн иргэдийн мэдлэгийг хослуулсан оролцоонд суурилсан хяналт-шинжилгээний тогтолцоог бэхжүүлэхийг Талуудад уриалж байна.
ДҮГНЭЛТ, УРИАЛГА
“Тогтвортой бэлчээрийн эрхийн төлөөх Нүүдэлчдийн УЛААН ШУГАМ” нь хуурай бүс нутгийн тогтвортой хөгжлийн үндэс болсон бэлчээрийн экосистем, усны нөөц, нүүдлийн мал аж ахуйн тогтолцоо, нутгийн иргэдийн уламжлалт мэдлэг, соёлын өвийг хамгаалах, газрын тогтвортой засаглалыг бэхжүүлэх бодлогын суурь хүрээ юм.
Энэхүү “Тогтвортой бэлчээрийн эрхийн төлөөх Нүүдэлчдийн УЛААН ШУГАМ” нь нүүдэлчид, малчид, орон нутгийн иргэд болон уугуул ард иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, шийдвэр гаргах үйл явцад оролцох эрхийг баталгаажуулахын зэрэгцээ бэлчээр, ус, экосистемийн үйлчилгээ, соёлын үнэт зүйлсийг хамгаалах урьдчилан сэргийлэх, шударга, тогтвортой хамгаалалтын механизм болж байна.
Энэхүү бодлогын хүрээ нь мал аж ахуй, байгаль орчны хамгаалал, уул уурхай, дэд бүтэц болон бусад хөгжлийн үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог хангаж, газар ашиглалтын зохистой төлөвлөлт, экосистемийн тэсвэрлэх чадавх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
“Тогтвортой бэлчээрийн эрхийн төлөөх Нүүдэлчдийн УЛААН ШУГАМ” нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD), Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (UNFCCC), Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD)-ын зорилго, зарчимтай уялдан газрын доройтлыг саармагжуулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экосистемийг хамгаалах, байгальд түшиглэсэн тогтвортой хөгжлийг дэмжих олон улсын сайн туршлага болох боломжтой.
Иймд энэхүү тунхаглалын зарчим, үзэл санааг үндэсний болон орон нутгийн бодлого, хууль тогтоомж, газар ашиглалтын төлөвлөлт, хөгжлийн хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлэх, мөн олон улсын хөгжлийн түншлэл, санхүүжилтийн механизм, оролцоонд суурилсан үйл ажиллагаанд дэмжин хэрэгжүүлэхийг төрийн бүх шатны байгууллага, орон нутгийн засаг захиргаа, хөгжлийн байгууллага, санхүүжүүлэгч түншүүд, иргэний нийгэм болон нийт оролцогч талуудад уриалж байна.
2026 он
Улаанбаатар хот





